FIFA World Cup 2026 буюу Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2026 оны 6 дугаар сарын 11-нээс 7 дугаар сарын 19-ний хооронд АНУ, Канад, Мексик улсууд хамтран зохион байгуулна. Тус тэмцээнд анх удаа өргөтгөсөн форматаар 48 улс оролцож, 12 хэсэгт хуваагдан цомын төлөө өрсөлдөх юм.
ДАШТ-ий хүрээнд нийт 104 тоглолт явагдах бөгөөд үүнээс 78 тоглолт АНУ-д, 13 тоглолт Канадад, 13 тоглолт Мексикт зохион байгуулагдана. Харин финалын тоглолт 2026 оны 7 дугаар сарын 19-ний өдөр АНУ-ын Нью-Йорк хотын ойролцоох “MetLife Stadium”-д болохоор төлөвлөгдсөн байна.
Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп-ын хэрэгжүүлж буй визний хатуу бодлого, Венесуэлийн цэргийн ажиллагаа, Ираны хямрал, Израил–Палестины асуудалд баримталж буй байр суурь, мөн Грийнландын асуудлаас үүдэн Европын 8 оронд ногдуулсан гаалийн татвар зэрэг нь 2026 оны ДАШТ-д шууд бус сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хэмээн ажиглагчид үзэж байна.
FIFA-гийн зүгээс тэмцээний зохион байгуулалт, тоглолтын хуваарьт өөрчлөлт ороогүй ч тасалбар нь АНУ-д нэвтрэх баталгаа биш бөгөөд хөгжөөн дэмжигчид тухайн улсын виз болон хил нэвтрэх бүх шаардлагыг хангах ёстойг анхааруулжээ.
АНУ-ын визний бодлого нь тамирчид, багийн албан ёсны төлөөлөгчдөд шууд хориг тавиагүй ч зарим улсын хөгжөөн дэмжигчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, дагалдан яваа төлөөлөгчдөд хүндрэл үүсгэх магадлалтай байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр 15–20 орчим улсын иргэд визийн саадтай тулгарах өндөр эрсдэлтэйд тооцогдож байна.
Мөн Европын зарим улсын хөгжөөн дэмжигчид АНУ-ын татварын бодлого болон Грийнландын асуудалтай холбоотой улс төрийн хурцадмал байдлаас шалтгаалан АНУ-д зорчихоос татгалзах, эсвэл тасалбараа буцаах боломжийг хэлэлцэж эхэлсэн талаар мэдээлж байна.
Олон улсын хэмжээнд Трампын барьж буй бодлого нь ДАШТ-ийг цуцлах хэмжээнд хүргэхгүй ч хөгжөөн дэмжигчдийн оролцоо, аялал жуулчлалын орлого, тэмцээний уур амьсгалд сөргөөр нөлөөлөх бодит эрсдэл үүссэн тул хөл бөмбөгийн фанатууд Трампад аль хэдийнээ шар хуудас өгөөд байна.
Эх сурвалж: FIFA, CNN






