Home / Дэлхийн мэдээ / Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг хоорондоо мөргөлдөж хамгийн багадаа 39 хүн амь үрэгджээ.

Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг хоорондоо мөргөлдөж хамгийн багадаа 39 хүн амь үрэгджээ.

Испанийн өмнөд хэсэгт байрлах Андалусия мужийн Кордоба хотын ойролцоо өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөн ноцтой осол гарч дор хаяж 39 хүн амь үрэгдэж, олон арван хүн шархадсан талаар орон нутгийн эрх баригчид мэдээллээ.

Ослын үед Мадрид–Малага чиглэлд зорчиж явсан зорчигч тээврийн галт тэрэг эсрэг чиглэлд хөдөлж байсан өөр нэг өндөр хурдны галт тэрэгтэй мөргөлдсөн байна. Ослын улмаас хэд хэдэн вагон замаас гарч, зорчигчид галт тэрэг дотор хавчигдан үлдсэн нь аврах ажиллагааг хүндрүүлсэн байна.

Эрэн хайх, врах ажиллагаанд олон зуун аврагч, гал сөнөөгч, түргэн тусламжийн баг оролцож байгаа бөгөөд шархадсан хүмүүсийг ойролцоох эмнэлгүүдэд яаралтай хүргэсээр байна. Албаны эх сурвалжуудын мэдээлснээр 10 гаруй хүний биеийн байдал нэн хүнд, нас барагсдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа аж.

Одоогоор ослын шалтгаан яг тодорхой болоогүй бөгөөд техникийн саатал эсвэл дохиоллын системтэй холбоотой байж болзошгүй эсэхийг шалгаж эхэлжээ. Испанийн төмөр замын хөдөлгөөнийг уг бүсэд түр хугацаагаар хааж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Испанийн Ерөнхий сайд Педро Санчес уг ослыг “үндэсний хэмжээний эмгэнэл” хэмээн тодорхойлж, амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *