Ливаны өмнөд хэсгийн Аль Тайри тосгонд өчигдөр буюу 4 дүгээр сарын 22-ны өдөр болсон Израйлын агаарын цохилтод “Аль-Ахбар” сонины сэтгүүлч Амал Халил амь үрэгджээ. Түүний хамтрагч, гэрэл зурагчин Зейнаб Фараж хүнд шархадсан байна.
Халил болон Фараж нар Израйлын дроноор машин руу хийсэн цохилтыг сурвалжилж явах үед дахин халдлагад өртсөн байна. Хоёр сэтгүүлч ойр орчмын байшинд хоргодож байх үед Израйлын хоёр дахь пуужин тэрхүү барилгыг оносон байна.
Ливаны Ерөнхий сайд Науаф Салам Израйлыг дайны гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгав. “Зэвсэггүй сэтгүүлчдийг онилон буудах, аврах ажиллагаанд саад хийх, замыг хаах зэрэг нь дайны гэмт хэрэгт тооцогдоно” хэмээн тэрээр мэдэгдсэн юм.
Сэтгүүлчдийг хамгаалах хороо (CPJ) энэхүү халдлагын төлөө Израйлын цэргийг хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. CPJ-ийн бүс нутгийн захирал Сара Кудах “Зэвсэггүй энгийн сэтгүүлч Халил долоон цаг гаруй нуранги дор хоригдож байхад Улаан загалмайн ажилтнуудыг түүн дээр хүргэхгүй саатуулсан” хэмээн мэдэгдэв.
CPJ-ийн мэдээлснээр 2025 онд дэлхий даяар алагдсан сэтгүүлчдийн гуравны хоёрыг Израйлын хүчин хөнөөсөн бөгөөд Халил нь 3 дугаар сараас хойш Израйл Ливанд алсан дөрөв дэх сэтгүүлч болж байгаа юм.
Израйлын арми хоёр сэтгүүлч шархадсаныг хүлээн зөвшөөрсөн ч “сэтгүүлчдийг онилдоггүй” гэж хариу мэдэгдсэн ба тэд Хезболлагийн цэргийн объектоос гарч явсан тээврийн хэрэгсэл рүү цохилт өгсөн хэмээн тайлбарлав.
Энэхүү халдлага АНУ-ын зуучлалаар хийгдсэн 10 хоногийн гал зогсоох тохиролцоог улам сүйтгэх эрсдэлтэй байна. Израйл, Ливаны элчин сайдууд Вашингтон хотод өнөөдөр дараагийн шатны хэлэлцээр хийх товтой байгаа билээ.
Ливан дахь Израйлын довтолгоо эхэлснээс хойш 2,400 гаруй хүн амь насаа алдаад байгаа бөгөөд зэвсэггүй сэтгүүлчийн амь нас нөхцөл байдлыг улам хурцатгаж байна.
Эх сурвалж: Al Jazeera, CNN #Shortly #ЛиванИзраиль #АмалХалил #СэтгүүлчийнАюулгүйБайдал #ДайныГэмтХэрэг #Lebanon #Israel #AmalKhalil #PressFreedom #WarCrimes #шортлимн






