Home / Технологи / Тайваний алдарт TSMC 2NM чипийн үйлдвэрлэлээ огцом өсгөх төлөвлөгөөгөө зарлалаа.

Тайваний алдарт TSMC 2NM чипийн үйлдвэрлэлээ огцом өсгөх төлөвлөгөөгөө зарлалаа.

Дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч TSMC компани 2026-2028 онд 2 нанометрийн чипийн хүчин чадлаа жилд 70 хувиар өсгөж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.

Тайваний хагас дамжуулагч үйлдвэрлэлийн аварга TSMC компани 2 нанометрийн (2nm) дэвшилтэт чипийн үйлдвэрлэлээ урьд өмнө байгаагүй хурдтайгаар тэлэх төлөвлөгөөгөө 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр танилцуулав.

Тус компанийн зүгээс 2026-2028 оны хооронд 2nm чипийн хүчин чадлаа жилд 70 хувийн нийлмэл өсөлттэй (CAGR) нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн нь хагас дамжуулагчийн зах зээлийн түүхэнд урьд өмнө нь байгаагүй үзэгдэл юм.

2025 оны сүүлээр TSMC компанийн 2nm чипийн сарын үйлдвэрлэл 30,000-40,000 ширхэг байсан бол 2026 оны эцэс гэхэд 100,000 ширхэгт хүрэх төлөвтэй байна. Цаашлаад 2027 он гэхэд сарын 200,000 ширхэг хүртэл өргөтгөх төлөвлөгөөтэй байгааг эх сурвалжууд мэдээлжээ. Чипний үйлдвэрлэл нь Тайваний Шинжүү дэх “Fab 20”, Гаосюн дэх “Fab 22” хоёр гол үйлдвэрт төвлөрөх юм.

TSMC компанийн 2nm чипийн эрэлт хэрэгцээ хэр өндөр байгааг харуулах гол үзүүлэлт нь хэрэглэгчдийн жагсаалт болж байна. Apple компани анхны 2nm хүчин чадлын 50 гаруй хувийг өөрийн ирэх үеийн A20 Pro чипдээ урьдчилан захиалсан байна. NVIDIA компани нь “Rubin Ultra” болон “Feynman” архитектурын AI чипүүддээ зориулан хүчин чадал захиалгаа баталгаажуулсан бол AMD, Qualcomm, Broadcom, MediaTek зэрэг компаниуд ч өндөр дүнтэй захиалгыг хийгээд байна. Tайвань улс 2026 оны байдлаар дэлхийн дэвшилтэт AI чипийн 90 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа нь технологи, түүхий эд, геополитикийн тэнцвэрт үлэмж их нөлөө үзүүлж байна.

Түүнчлэн TSMC компани Тайвань дахь үйлдвэрлэлээс гадна АНУ-ын Аризона мужид 165 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, гурван шинэ үйлдвэр барьж байна. Эдгээрийн хоёр дахь үйлдвэр 2028 онд 2nm технологиор үйлдвэрлэл эхлүүлэхээр төлөвлөгдсөн бөгөөд гурав дахь үйлдвэр нь A16 (1.6nm) технологид зориулагдан баригдаж байна. Энэ нь АНУ-ын түүхэн дэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн том төсөл болоод байна.

Технологийн шинжээчид 2nm чипийн өргөн хэрэглээ нь дэлхийн AI салбарт суурь өөрчлөлт авчирна гэж үзэж байна. Энэ технологи нь өмнөх үеийнхтэй харьцуулахад эрчим хүчний хэмнэлтийг 30 хувиар нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь дата төвүүдийн өргөтгөлийн гол саад болж буй цахилгаан эрчим хүчний хомсдолыг шийдэх боломжийг олгох давуу талтай юм.

Тайваний дэлхийн дэвшилтэт чипийн үйлдвэрлэлд эзэлж буй давамгай байр суурь нь зөвхөн эдийн засгийн биш, газар зүйн стратегийн ач холбогдолтой болоод удаж байна. TSMC-ийн энэхүү асар том тэлэлт нь Тайваний “цахиур бамбай” (silicon shield) хэмээх ойлголтыг улам бэхжүүлэх төдийгүй, технологийн өрсөлдөөнд шинэ шалгуур тогтоож байна.

Эх сурвалж: Focus Taiwan, TrendForce, TSMC

#TSMC #Тайвань #Чип #Хагасдамжуулагч #AI #Apple #NVIDIA #Технологи #Shortly #Taiwan #Semiconductor

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *