Дэлхийн Эдийн Засгийн Форум-World Economic Forum (WEF) нь төр, бизнес, шинжлэх ухаан, иргэний нийгмийн байгууллагуудын нөлөө бүхий төлөөлөгчдийг нэг дор цуглуулж, дэлхийн хэмжээнд тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх зорилготой олон улсын хараат бус байгууллага юм.
Дэлхийн Эдийн Засгийн Форум нь хууль баталж, албан ёсны шийдвэр гаргадаг байгууллага биш бөгөөд дэлхийн чиг хандлагыг тодорхойлдог яриа хэлэлцээний индэр болдог.
Жил бүрийн 1 дүгээр сард Швейцарь улсын Давос хотод зохион байгуулагддаг уулзалт нь тус форумын хамгийн алдартай арга хэмжээ ба 56 дахь удаагийн форум 2026 оны 1 дүгээр сарын 19–23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэ жил “A Spirit of Dialogue” буюу “Сүнслэг харилцан яриа” урианы дор олон улсын төр, бизнес, технологи, нийгмийн салбарын манлайлагчид нэг дор цугларчээ.
Тус форумд 130 гаруй орны 400 гаруй улс төрийн манлайлагч, 850 орчим том компанийн CEO, технологийн салбарын удирдагчид оролцож байгаагаас сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлыг өөртөө татаад буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп форумд оролцож, томоохон компанийн захирлуудтай уулзаж, тусгай илтгэл танилцуулахаар товлогдсон нь ихээхэн сонирхол татаж байна.
Энэ жилийн форумаас юуг хүлээх вэ?
- Геополитик: ОХУ-Украйн, Ойрх Дорнод, АНУ-Европын холбоо, АНУ-Хятадын харилцааны хүрээнд зөрчлийг хурцатгахгүй байх албан бус улс төрийн яриа хэлэлцээ Давост өрнөх хүлээлттэй байна.
- Хиймэл оюун ухаан: AI-ийн хөгжил, ёс зүй, аюулгүй байдал, хөдөлмөрийн зах зээлд нөлөөлөх асуудлаар олон улсын хамтарсан зохицуулалтын суурь тодорхой болох магадлалтай.
- Дэлхийн эдийн засаг: Өндөр инфляц, өндөр хүүгийн дараах үед эдийн засаг аажмаар тогтворжино гэсэн эерэг дохио Давосоос гарахыг зах зээл хүлээж байна.
- Уур амьсгал: Сэргээгдэх эрчим хүч, нүүрстөрөгчийн зах зээлд чиглэсэн төр, хувийн хэвшлийн олон тэрбум ам.долларын шинэ ногоон санхүүжилт зарлагдаж магадгүй юм.
- Төр, хувийн хэвшлийн түншлэл: Давосын хамгийн бодит үр дүн нь хөрөнгө оруулалтын санамж бичиг, технологи, эрчим хүч, дэд бүтцийн хамтарсан төслүүд байх төлөвтэй байна.
Тус форумд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй албаны хүмүүс оролцож байна.
Эх сурвалж: WEF






