Home / Спорт / Милан-Кортина 2026-д тод гялалзах од, долларын саятан Гу Айлин гэж хэн бэ?

Милан-Кортина 2026-д тод гялалзах од, долларын саятан Гу Айлин гэж хэн бэ?

Гу Айлин (Eileen Gu) нь 2022 оны Бээжингийн олимпын наадмын “супер од”, чөлөөт цанын төрөлд нэг наадмаас 3 медаль хүртсэн анхны тамирчин юм. Гэхдээ энэ удаад тэр зөвхөн тамирчны хувиар биш, дэлхийн спортын элч, Стенфордын оюутан, загварын ертөнцийн нүүр царай гэсэн “олон талт” дүрээр Миланы тэнгэрт гялалзахаар иржээ. Тэрээр өнөөдөр эмэгтэйчүүдийн чөлөөт цанын налуу слоуплейт төрөлд мөнгөн медаль хүртлээ.

Гу Айлин одоо 22 настай бөгөөд саяхан “Солт Лейк 2034” өвлийн олимпын элчээр томилогдсон нь түүний нөлөө зөвхөн цанын тамирчнаар хязгаарлагдахгүй болсныг илтгэнэ. Италийн Милан-Кортинагийн задгай уулс, цаг агаарын тогтворгүй байдал нь тамирчдаас асар их ур чадвар шаарддаг. Гэвч Европын Альпийн нуруунд бэлтгэлээ базаадаг түүний хувьд энэ нь “гэртээ” байгаа мэт мэдрэмж төрүүлнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Хэрэв тэр Миланд дахин алт авбал чөлөөт цанын түүхэн дэх хамгийн олон алтан медальтай тамирчин болох юм.

Өглөө нь квант физик судлах, өдөр нь 1620 градусын эргэлтийг агаарт хийх нь түүний амьдралын өдөр тутмын хэв маяг юм.

Түүний амжилтын нууц юу вэ? Олон хүн түүнийг зөвхөн авьяастай гэж боддог ч тэр бол цаг төлөвлөлтийн жинхэнэ мастер. Түүний тухай сонирхолтой баримтаас дурдвал:

Унтлагын аварга: Гу Айлин өдөрт хамгийн багадаа заавал 10 цаг унтдаг. Энэ нь түүний тархи болон булчингийн нөхөн төлжилтийн гол үндэс болдог байна.

Стенфордын оюутан: Тэрээр дэлхийн шилдэг их сургуулиудын нэг Стенфордод математик, квант физик судалдаг. Хичээл болон спортын энэ ялгаатай байдал нь түүний амьдралыг илүү сонирхолтой, тэнцвэртэй болгодог.

Загварын тайзнаас олимпын тавцанд: Louis Vuitton, Tiffany & Co зэрэг дэлхийн брэндүүд түүнтэй хамтардаг. Тэрээр загварын ертөнцийг эмэгтэй тамирчдын хүч чадлыг харуулах тавцан гэж хардаг. Түүний хувийн стиль нь Streetwear-ийн эрх чөлөө, High fashion-ий тансаг байдлын нэгдэл юм.

Түүний жилийн орлого: Залуухан бүсгүйн жилийн орлого 23 сая ам.доллар бөгөөд Red Bull, Porsche, IWC Schaffhausen, TCL, Louis Vuitton гэх мэт дэлхийн алдартай брэндүүдтэй хамтран ажилладаг байна.

Амжилтын ард хэн байдаг вэ?: Гу Айлины амжилт түүний ээж Гу Ян болон эмээтэй нь салшгүй холбоотой. Ээж нь түүнд ялалтаас илүү өөрийн амар амгаланг чухалчлахыг зааж, эмээ нь түүнд хатуужил болон Хятад соёлын үнэ цэнийг суулгаж өгчээ. Үүнээс шалтгаалан АНУ-д төрж, өссөн тэрээр Хятад улсынхаа нэрийн өмгөөс гулгадаг юм.

“Цанаар гулгах нь миний хийдэг зүйл, харин би өөрөө хэн бэ гэдэг нь миний сонголт” хэмээн хэлэх дуртай энэ бүсгүй Милан-Кортина 2026-д зөвхөн медаль авах биш, харин Z үеийнхний хязгааргүй боломжийг дэлхий нийтэд дахин нэг батлан харуулж байна.

Эх сурвалж: www.olympics.com

#EileenGu #ГуАйлин #MilanoCortina2026 #WinterOlympics #FreestyleSkiing #OlympicSilverMedalist #МиланКортина2026 #ӨвлийнОлимп #shortlymn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *