Home / Технологи / Яагаад Хятад улс автомашины далд хаалганы бариулыг хориглов?

Яагаад Хятад улс автомашины далд хаалганы бариулыг хориглов?

Хятад улс сүүлийн үеийн автомашинд өргөн хэрэглэгдэж буй далд (flush) хаалганы бариулыг хориглосон шинэ аюулгүй байдлын стандартыг баталлаа. Анх харахад энэ нь дизайны шийдэлтэй холбоотой мэт боловч бодит шалтгаан нь ослын үеийн аюулгүй байдлын ноцтой эрсдэл байв.

Энэхүү стандарт нь шинээр батлагдах автомашины загваруудад 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжих бол, өмнө нь батлагдсан загваруудад 2029 оны 1 дүгээр сарын 1 хүртэл шинэчлэл хийх шилжилтийн хугацаа олгожээ.

Сүүлийн жилүүдэд Хятадад гарсан хэд хэдэн ноцтой ослын үеэр цахилгаан болон электрон удирдлагатай далд бариулууд ажиллахгүй болж, зорчигчид ослын дараа автомашинаас цаг алдалгүй гарч чадаагүй, улмаар амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдлууд бүртгэгдсэн байна.

Тухайлбал, нэгэн цахилгаан автомашин мөргөлдсөний дараа гал гарсан ослын үед цахилгаан тасарснаас болж хаалганы далд бариул нээгдээгүй, үүний улмаас аврах ажиллагаа удааширсан талаар Хятадын холбогдох байгууллагууд дурджээ. Мөн зарим тохиолдолд хүйтэн цаг агаарт бариул царцаж гацах, эсвэл ослын дараах нөхцөл байдлаас болж автоматаар гарч ирэх механизм ажиллахгүй болсон нь тогтоогдсон байна.

Иймээс Хятадын эрх баригчид ослын үед цахилгаан, программ хангамжаас үл хамааран гараар шууд онгойлгож болох, тодорхой харагдах хаалганы бариул заавал байх ёстой гэж үзэж, шинэ аюулгүй байдлын стандартыг баталсан юм.

Энэхүү шийдвэр нь автомашины гоо зүй, аэродинамик дизайнаас илүүтэйгээр хүний амь нас, ослын үеийн аврах боломжийг нэн тэргүүнд тавьж буй бодлогын чухал өөрчлөлт гэж шинжээчид дүгнэж байна.

Эх сурвалж: Reuters

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *