Лондон хотын Richmond дүүрэгт 2026 оны 1 дүгээр сарын 31-нд өдрийн цагаар Gregory & Co нэртэй үнэт эдлэлийн дэлгүүрт хоёр масктай этгээд алх ашиглан халдсан хэрэг гарчээ. Олон нийтийн сүлжээнд тархсан видео бичлэгт нэг этгээд дэлгүүрийн үзүүлэнгийн шилэн цонхыг алхаар цохиж эвдэхэд, нөгөө нь нүхээр гарч ирсэн үнэт эдлэлүүдийг цүнхлэн авч, богино хугацаанд зугтаж буй нь харагддаг.
Хэрэг гарсан мөчид дэлгүүрийн ажилчид хулгайлж буй эд зүйлсийг булаан авч үлдэхийг оролдсон бөгөөд гудамжинд байсан иргэд айж цочирдон харж, зарим нь гар утсаараа бичлэг хийж интернэтэд байршуулсан байна. Аз болоход хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учраагүй аж.
Лондоны цагдаагийн газар уг хэргийг хүч хэрэглэсэн хулгайн төрөл буюу “aggravated burglary” гэж үзэн шалгаж байгаа ч одоогоор сэжигтнийг баривчлаагүй байна. Цагдаагийн байгууллагаас сүүлийн үед хотын төв болон худалдааны бүсүүдэд “smash-and-grab” төрлийн хулгай нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулж, иргэдийг сэрэмжтэй байхыг уриалжээ.
Эх сурвалж: CNN






