АНУ-ын Вашингтонд төвтэй, хараат бус бодлогын судалгааны төв CSIS (Center for Strategic and International Studies)-ийн шинэ тайланд Орос, Украйны дайны цэргийн хохирол 1.8 сая цэрэгт хүрсэн гэж тооцоолжээ. 1962 онд байгуулагдсан CSIS нь дайн, олон улсын аюулгүй байдал, геополитик, гадаад бодлого, эдийн засаг, технологийн чиглэлээр баримтад суурилсан судалгаа хийдгээрээ дэлхийд нэр хүндтэй бөгөөд тэдний гаргасан тайлан, дүн шинжилгээг CNN, BBC, Reuters зэрэг томоохон хэвлэлүүд, мөн НАТО, НҮБ зэрэг олон улсын байгууллагууд бодлого боловсруулах түвшинд ашигладаг байна.
CSIS-ийн тооцоолсноор 2022 оны 2 дугаар сарын 24-нд эхэлсэн Орос-Украйны дайнаас хойш, 2025 оны төгсгөл хүртэлх хугацаанд хоёр улсын цэргүүдийн нийт хохирол буюу алагдсан, шархадсан, сураггүй болсон хүмүүсийн тоо ойролцоогоор 1.8 саяд хүрсэн аж. Үүнээс Оросын талын хохирол 1.2 сая орчим цэрэг гэж үнэлэгдэж байгаа бөгөөд тэдний 325 мянга орчим нь амь үрэгдсэн байж болзошгүй гэж тайланд дурджээ. Харин Украйны талын цэргийн хохирол 500-600 мянга орчим гэж CSIS дүгнэсэн байна.
Шинжээчдийн үзэж буйгаар энэ дайн нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн их цэргийн хохирол дагуулсан мөргөлдөөнүүдийн нэг болоод байна. Мөн хэрэв байлдааны ажиллагаа ийнхүү үргэлжилбэл 2026 оны хавар буюу дайн эхэлснээс дөрвөн жилийн дараа цэргийн нийт хохирол 2 саяд хүрч болзошгүй гэж CSIS анхааруулжээ. Эх сурвалж: CNN, CSIS






