АНУ-ын Tesla компани дэлхийн хамгийн их цахилгаан автомашин борлуулдаг компанийн байр сууриа БНХАУ-ын BYD компанид бүрэн алдлаа.
“Өөрийн мөрөөдлөө бүтээ” уриатай BYD компани 2025 онд 2.26 сая цахилгаан автомашин (EV) үйлдвэрлэсэн бол Tesla компанийн үйлдвэрлэл 1.64 сая EV-д хүрч, өрсөлдөгчөөсөө мэдэгдэхүйц хоцорсон байна.
Tesla компанийн борлуулалт 2025 онд ойролцоогоор 9 хувиар буурч, хоёр дахь жилдээ дараалан уналт үзүүлсэн бол BYD эсрэгээрээ борлуулалтаа тогтвортой өсгөж чаджээ. Энэ нь дэлхийн EV зах зээлд Хятадын нөлөө улам бүр тэлж буйг тод харуулж байна.
Үүнтэй зэрэгцэн Tesla компанийн гүйцэтгэх захирал Elon Musk компанийн стратегийн чиглэлийг өөрчилж, цахилгаан автомашинаас илүүтэйгээр хиймэл оюун ухаан (AI), автомат жолоодлого, робот технологид төвлөрөх болсноо мэдэгдсэн. Tesla нь 2026 оноос EV-ээс гадна AI ба автомат жолоодлогоор нэмүү өртөг шингэсэн шинэ бүтээгдэхүүнүүд зах зээлд гаргахаар төлөвлөж байна.
Tesla компани цаашид үйлдвэрлэлийн тоо хэмжээгээр бус, харин инновац, өндөр технологид суурилсан үнэ цэнэ-ээр өрсөлдөж, компанийн ашгийг бүрдүүлэх стратегийг баримтлах нь тодорхой болжээ.
Эх сурвалж: SupplyChainBrain






