АНУ, Ираны хоорондын хурцадмал байдал дээд цэгтээ хүрч, цэргийн мөргөлдөөн гарах бодит эрсдэл ойртож байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг цөмийн хэлэлцээрт нэн даруй орж, цөмийн зэвсэг хөгжүүлэх оролдлогоо зогсоохгүй бол “илүү том, илүү хүчтэй цохилт” өгнө гэж анхааруулжээ. Түүний хэлснээр энэ нь өнгөрсөн жил Ираны цөмийн объектуудад өгсөн цохилтоос ч хүнд байж болзошгүй байна. Мөн Ираны ард иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг галт зэвсэг ашиглан хүчээр зогсоосон нь байдлыг улам хурцатгаж байна.
Үүний зэрэгцээ АНУ USS Abraham Lincoln тэргүүтэй нисэх онгоц тээгч байлдааны хөлгүүдийг Ойрхи Дорнодод илгээж, бүс нутаг дахь цэргийн оролцоогоо мэдэгдэхүйц нэмэгдүүлээд байна.
Ираны тал үүнд хатуу хариу өгч, АНУ-ын аливаа цэргийн ажиллагааг “бүх талын дайны үйлдэл” гэж үзэхээ мэдэгдэн, хариу цохилт өгөхөд бэлэн байгаагаа ил тод зарлалаа.
АНУ, Ираны зөрчил, дэлхий дахинд өрнөж буй геополитикийн тодорхойгүй нөхцөл байдлын улмаас хөрөнгө оруулагчид аюулгүй актив руу хошуурч, алтны үнэ түүхэндээ анх удаа унц нь 5,100 ам.долларыг даваад байна.
АНУ, Ираны хоорондын хурцадмал байдал зөвхөн бүс нутгийн асуудал байхаа больж, дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлд бодит доргилт үзүүлж эхэллээ.
Эх сурвалж: The Times, Financial Times






