Швейцарын Давос хотод 2026 оны 1 дүгээр сарын 19–26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн форумын (WEF) үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилж буй “Дэлхийн энх тайвны зөвлөл”-ийг байгуулах, түүнд нэгдэхтэй холбоотой баримт бичигт гарын үсэг зурсан юм.
Уг асуудал нь Монгол Улсын гадаад бодлого, олон улсын харилцааны хүрээнд Улсын Их Хурлаар хэлэлцэж, соёрхон батлаагүй байхад ийм төрлийн баримт бичигт гарын үсэг зурсан эсэх талаар хууль зүйн маргаан үүсгэж, магадгүй түүний Засгийн газрын хувь заяанд нөлөөлж болзошгүй байна.
Хуульчдын тайлбарлаж буйгаар Ерөнхий сайд гадаад харилцаанд оролцох, олон улсын санаачилгад дэмжлэг илэрхийлэх эрхтэй боловч Монгол Улсыг шинэ олон улсын байгууллагад албан ёсоор элсүүлэх, эсвэл хуулийн болон санхүүгийн үүрэг хүлээлгэх шийдвэрийг дангаараа гаргах эрхгүй. Ийм шийдвэрийг эцэслэн гаргах, олон улсын гэрээ, үүрэг хүлээх баримт бичгийг батлах бүрэн эрх Улсын Их Хуралд хамаардаг болно.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ хуульд УИХ-ын байнгын хорооны бүрэн эрхийг дараах байдлаар заажээ:

Тиймээс тухайн баримт бичиг нь зөвхөн санаачилгын түвшний, хууль зүйн заавал биелүүлэхгүй тунхаг байсан уу, эсвэл Монгол Улсыг албан ёсоор үүрэг хүлээлгэх шинжтэй байсан уу гэдэг нь гол маргааны цэг болж байна.
Хэрэв уг гарын үсэг нь хууль зүйн хүчин төгөлдөр үүрэг хүлээлгэсэн баримт бичиг байсан бол эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл үүснэ. Харин улс төрийн түвшний, урьдчилсан шинжтэй мэдэгдэл байсан тохиолдолд шууд хууль зөрчил гэж дүгнэх боломжгүй юм.
Ямартай ч Ерөнхий сайд Улсын Их Хуралд тайлагнах, уг баримт бичгийн эрх зүйн шинж, Монгол Улсад үүсгэх үр дагаврыг тодорхой тайлбарлах шаардлага үүсээд байгаа бөгөөд энэ асуудал хаврын чуулганы үеэр улс төр, хууль зүйн анхаарал татсан сэдэв болох нь тодорхой байна.
Эх сурвалж: legalinfo.mn






