Home / Эдийн засаг, бизнес / Тоёотагийн “Эргэлтийн цэг” ба ашиг 43%-иар унасан үед жолоочоо солилоо.

Тоёотагийн “Эргэлтийн цэг” ба ашиг 43%-иар унасан үед жолоочоо солилоо.

Дэлхийн автомашины зах зээлийн хаан, нэг жилд 10 сая гаруй автомашин борлуулдаг Тоёота (Toyota) компаниас сүүлийн өдрүүдэд маш шуугиантай мэдээллүүд ар араасаа цацагдаж байна. 2025 онд ашиг нь бараг хоёр дахин буурсан үзүүлэлттэй гарсан ч тэд зүгээр суусангүй, удирдлагын багтаа “гэнэтийн нүүдэл” хийж байна.

Тоёотагийн өнгөрсөн улирлын цэвэр ашиг 43%-иар огцом буурч, 5 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлөв. Үүнд:

  • Чанарын дуулиан: Дайхацу (Daihatsu) болон бусад охин компаниудын аюулгүй байдлын туршилтын булхай илэрсэн нь үйлдвэрлэлийг гацааж, нэр хүндэд нь цохилт болов.
  • Хятадын “давшилт”: Хятадын дотоодын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид (BYD гэх мэт) Тоёотаг өөрийнх нь талбай дээр хүчтэй шахаж байна.
  • Татварын айдас: АНУ-ын зүгээс импортын автомашинд 25%-ийн татвар ногдуулж магадгүй байгаа нь Тоёотагийн хувьд хамгийн том “хар дарсан зүүд” болоод байна.

Удирдлагын баг Инженерээс Санхүүч рүү шилжиж байна.

Тоёота компани энэхүү санхүүгийн хүндрэлийг давахын тулд ирэх 4 дүгээр сарын 1-нээс удирдлагын бүтцээ бүрэн шинэчилж байна.

Одоогийн гүйцэтгэх захирал Кожи Сато буюу инженер захирал нь суудлаа өгч байна. Гэхдээ тэр бүр мөсөн компаниас яваагүй бөгөөд Сато цаашид Салбарын ерөнхий захирал гэх шинэ албан тушаалд очиж, Японы автомашины салбарыг дэлхийд хамгаалах дипломат үүргийг гүйцэтгэхээр болов.

Шинэ CEO-оор одоогийн Санхүү эрхэлсэн захирал (CFO) Кента Кон томилогдлоо.

Яагаад заавал санхүүч мэргэжилтэй хүнийг томилох болов гэхээр дэлхий даяар татварын дайн эхэлж, ашиг буурч байгаа энэ үед Тоёотад “бүтээлч инженер”-ээс илүү “хатуу чанга санхүүч” хэрэгтэй болсныг энэ томилгоо харуулж байна. Кон захирал зардлыг танаж, санхүүгийн дархлааг бэхжүүлэх оролдлого хийх нь тодорхой.

Хэдийгээр ашиг нь буурсан ч Тоёота бууж өгөх болоогүй гэдгээ мэдэгдэж дэлхий даяар цэвэр цахилгаан автомашины (EV) эрэлт саарч, хүмүүс эргээд Хайбрид (Hybrid) машин руу хошуурах болсон нь тэдний гол хөзөр гэж онцолж байна.

Тоёота зөвхөн машин үйлдвэрлэгч биш, олон улсын санхүүгийн аварга механизм гэдгээ харуулах цаг иржээ. Шинэ захирал Кента Кон АНУ-ын татварын давааг хэрхэн давахыг дэлхий нийтээрээ анхааралтай ажиглаж байна.

Эх сурвалж: Associated Press

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *