Индонезийн нийслэл Жакартагийн зүүн талд орших Бекаси хотод хоёр галт тэрэг мөргөлдөж, эмэгтэйчүүдэд зориулсан вагонд байсан 14 эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Өчигдөр буюу 2026 оны 4 дүгээр сарын 27-ны орой Бекаси Тимур буудал дээр зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж, том хэмжээний эмгэнэлт явдал болсон байна. Холын зайн “Арго Бромо Анггрек” хурдан галт тэрэг, зогсож байсан Жакарта-Цикаранг чиглэлийн галт тэрэгний сүүлчийн вагоныг мөргөсөн байна.
Индонезийн төрийн өмчит “Kereta Api Indonesia” (KAI) компанийн мэдээлснээр, мягмар гарагийн өглөөний 08:45 цагийн байдлаар нас барсан хүний тоо 14-д хүрч, 84 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Нас барсан 14 хүн бүгд эмэгтэйчүүд бөгөөд хохирлын ихэнх хувь нь зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан тусгай вагонд гарсан гэдгийг албаны хүмүүс баталжээ.
KAI компанийн төлөөлөгч Франото Вибовогийн мэдээлснээр, төмөр замын гарам дээр автомашин галт тэрэгтэй мөргөлдөж түр зогссон бөгөөд энэ хооронд хурдан галт тэрэг ирж, зогсож байсан вагон руу мөргөсөн нь эмгэнэлт осол гарах шалтгаан болжээ.
Индонезийн Үндэсний Эрэн хайх, аврах албаны (BASARNAS) дарга Мохаммад Сяфии хэлэхдээ, бараг 12 цаг үргэлжилсэн аврах ажиллагаа мягмар гаригийн өдөр дуусаж, бүх хохирогчийг нурсан вагоноос гаргасан гэж мэдэгдлээ. “Арго Бромо Анггрек” галт тэрэгний үлдсэн 240 зорчигч бүгд эсэн мэнд үлджээ.
Индонезийн Ерөнхийлөгч ослын шалтгааныг тогтоох зорилгоор тусгай шалгалт явуулахыг даалгасан бол Жакартагийн цагдаагийн дарга Асеп Эди Сухери осол гарсан газар очиж шалгалтын ажил эхэлсэн талаар сэтгүүлчдэд мэдээллээ.
Индонез улс нь 10,000 гаруй арлаас бүрдсэн тээврийн хэрэгслүүдийн насжилт өндөр, засвар үйлчилгээ дутмаг байдгаас ийм төрлийн осол гарах тохиолдол нэмэгдэж байна. Хамгийн сүүлд 2024 оны 1 дүгээр сард Баруун Жава мужид болсон томоохон ослоор галт тэрэгний 4 ажилтан амиа алдаж, 24 орчим хүн шархдаж байсан юм.
Энэхүү эмгэнэлт явдал Индонезийн төмөр замын дэд бүтцийн аюулгүй байдал, авто зам, төмөр замын гарам дээрх хяналтын тогтолцоог дахин нэг удаа эргэн харах шаардлагатайг сануулсан хэрэг боллоо.
Эх сурвалж: Channel News Asia, Al Jazeera, CNA
#Шортлимн #Индонез #Жакарта #Бекаси #ГалтТэрэгнийОсол #ЭмгэнэлтЯвдал #ӨмнөдЗүүнАзи #Indonesia #Jakarta #TrainCrash #Bekasi #BreakingNews













