Их Британийн хаан III Чарльз, хатан хаан Камилла нар АНУ-д хийж буй анхны төрийн айлчлалаа Цагаан ордноос эхлүүллээ.
Хааны гэр бүл 2026 оны 4 дүгээр сарын 27-нд Вашингтонд хүрэлцэн ирж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Мелания Трамп нар Цагаан ордны өмнө тэднийг хүндэтгэлтэйгээр угтан авсан байна.
Айлчлалын хүрээнд үдийн цай барьсны дараа Мелания Трамп, Чарльз хаан хоёр Цагаан ордны цэцэрлэгт шинээр байгуулсан зөгийн үүрийг үзэж явахдаа чөлөөт яриа өрнүүлж, чин сэтгэлээсээ инээлдэж байсан агшныг гэрэл зурагчид буулгасан байна. Чарльз хаан мөн зөгий аж ахуйг дэмжигч бөгөөд Букингемын ордонд дөрвөн зөгийн үүртэй гэдгийг дурдах нь зүйтэй.
Орой нь хааны гэр бүл Их Британийн Элчин Сайдын Яамд очиж, ойролцоогоор 600 орчим зочидтой хамт үдэшлэгт оролцлоо. Уг үдэшлэгт АНУ-ын Сангийн сайд Скотт Бэссэнт, Дотоод хэргийн сайд Дуг Бөргум, Цагаан ордны орлогч ажлын албаны дарга Стивен Миллер, Бүгд найрамдах намын Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон, Ардчилсан намын төлөөлөгч асан Нэнси Пелоси нарын улс төрийн өндөр төлөөлөгчид мөн оролцсон байна.
Энэхүү үдэшлэг нь хоёр улсын онцгой найрсаг харилцааг бэлгэдсэн уламжлалт арга хэмжээ бөгөөд үдэшлэгийг анх 1939 онд хаан VI Жоржийн хүндэтгэлд зориулан хийж эхэлж байжээ.
Хааны гэр бүл Америкт 4 өдөр саатах бөгөөд айлчлал АНУ тусгаар тогтнолоо зарласны 250 жилийн ойтой давхцаж байгаа төдийгүй, хатан хаан II Елизабет 2007 онд айлчилснаас хойш Британийн хаан хатны хийж буй анхны төрийн айлчлал юм. Маргааш Чарльз хаан АНУ-ын Конгрессын хоёр танхимын нэгдсэн чуулганд үг хэлэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Хаан Чарльз III-ын төрийн айлчлал нь хоёр улсын дипломат харилцааг бэлгэдэхээс гадна, мөн адил хэмжээний онцгой эдийн засгийн харилцааг ч давхар онцолж байна.
Хоёр улсын худалдааны эргэлтийн хэмжээ: $161.8 тэрбумын эргэлт, шинэ тарифын дунд тэлж байна.
АНУ-ын Худалдааны Төлөөлөгчийн Газрын (USTR) сүүлийн тайлангаар, 2025 онд АНУ, Их Британийн бараа бүтээгдэхүүний худалдааны нийт эргэлт 161.8 тэрбум ам.доллар болсон байна. Үүнээс АНУ-аас Их Британид экспортолсон бараа 97.0 тэрбум ам.доллар (өмнөх оноос 22 хувь буюу 17.5 тэрбум доллароор өссөн), Их Британиас АНУ руу импортолсон бараа 64.8 тэрбум доллар (5 хувиар буурсан) болжээ. Үүний үр дүнд АНУ Их Британитай хийсэн худалдаандаа 32.2 тэрбум долларын ашигтай гарсан бөгөөд энэ нь өмнөх оноос 183.5 хувиар нэмэгдсэн дүн юм.
Үйлчилгээний худалдааны эргэлт ч энэ хэмжээтэй дүйцэхүйц өндөр байна. 2024 оны байдлаар 192.4 тэрбум ам.доллар. Их Британийн Үндэсний статистикийн алба (ONS)-ны тоогоор АНУ нь Их Британийн үйлчилгээний экспорт, импортын аль алинд 1 номерын түнш хэвээр байна. Их Британи АНУ-д 2024 онд 137.0 тэрбум фунтын үйлчилгээ экспортолсон нь өмнөх оноос 8.3 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Гол барааны эргэлт бүтэц:
Их Британиас АНУ руу гарч буй бараа дотор машин (2024 онд 9.0 тэрбум фунт), механик хөдөлгүүр ба турбин, эм, эмийн бүтээгдэхүүн, шинжлэх ухааны хэмжих хэрэгсэл, төмөр-ган бүтээгдэхүүн зонхилно. АНУ нь Их Британийн машины экспортын 1 номерын зах зээл бөгөөд нийт автомашины экспортын 27.4 хувийг АНУ хүлээн авдаг.
АНУ-аас Их Британид нийлүүлж буй бараа дотор нефть-эрчим хүчний бүтээгдэхүүн, нисэхийн болон сансрын тоног төхөөрөмж, машин механизм, эмнэлгийн төхөөрөмж, санхүүгийн ба зөвлөх үйлчилгээ голлох байр суурь эзэлдэг.
Трампын тогтоосон тарифын бодлого ба шинэ сорилт:
Хоёр улсын худалдааны харилцаа 2025 онд өндөр тариф, эрчим хүчний хямрал зэрэг шинэ сорилттой тулгарсан. Дөрөвдүгээр сард Трампийн засаг захиргаа Их Британиас орох бараанд 10 хувийн нийтлэг тариф ноогдуулсан. Гэвч 2025 оны 5 дугаар сарын 8-нд хоёр улс “Эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн хэлэлцээр” (Economic Prosperity Deal)-ыг гарын үсэг зурснаар автомашины тарифыг 27.5 хувиас 10 хувь болгож, жилд 100,000 машины квот тогтоосон билээ. Энэхүү хэлэлцээрээр Британийн ган, хөнгөн цагааны 50 хувийн нэмэгдэл тариф ч түр зогсоосон юм.
Хааны айлчлал нь төрийн хүндэтгэл боловч Лондон, Вашингтоны хоорондох тусгай харилцааг сэргээх стратегийн чухал алхам боллоо. Цаашид хоёр тал бүрэн хэмжээний чөлөөт худалдааны хэлэлцээр (FTA) хийх эсэх нь Чарльз хааны Конгресст хэлэх үг болон удахгүй болох Трамп болон Их Британийн Ерөнхий сайд Стармерын уулзалтын гол сэдэв болох төлөвтэй байна.
Олон улсын шинжээчид хоёр их гүрний дипломат харилцаа хааны хүндэтгэлээр шинэ түвшинд гарах болно гэж үзэж байна.
Эх сурвалж: CNN, NBC News, Fox News, USTR, ONS #KingCharles #StateVisit #USUK #WhiteHouse #Trump #Чарльзхаан #ТөрийнАйлчлал #ЦагаанОрдон #Шортли






