БНХАУ-ын дарга Ши Жиньпин Этиоп улсын Аддис-Абеба хотноо 2026 оны 2 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд болсон Африкийн Холбооны 39 дүгээр дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-тай дипломат харилцаатай харилцаатай Африкийн 53 улсын бараа бүтээгдэхүүнд оногдуулах импортын татварыг тэглэх түүхэн шийдвэрийг танилцууллаа. Энэхүү шийдвэр нь Хятад-Африкийн эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах зорилготой гэж тайлбарлалаа.
Энэхүү импортын 0 хувийн татварыг 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр болсон байна.
Өмнө нь зөвхөн буурай хөгжилтэй орнуудад олгодог байсан хөнгөлөлтийг өргөжүүлж, хөдөө аж ахуй, уул уурхай, нэхмэл эсвэл бэлэн бүтээгдэхүүн зэрэг бүх төрлийн бараа бүтээгдэхүүнд хамааруулж байна.
Харин энэхүү татварын хөнгөлөлтөд Тайвань улстай дипломат харилцаатай хэвээр байгаа Эсватини улс хамрагдахгүй гэж мэдэгдлээ.
Хятад, Африкийн худалдааны эргэлт 2025 оны байдлаар 348 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд Хятад улс сүүлийн 16 жил дараалан Африкийн хамгийн том худалдааны түншээр ажиллаж байна.
Шинжээчдийн үзэж буйгаар “0” татварын бодлого нь Кенийн авокадо, Этиопын кофе, Өмнөд Африкийн дарс зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд Хятадын зах зээлд Латин Америк эсвэл Зүүн өмнөд Азийн бараатай өрсөлдөх чадвар эрс нэмэгдэнэ гэж тодорхойлжээ. Мөн цахилгаан автомашины үйлдвэрлэлд нэн шаардлагатай лити, кобальт, газрын ховор элемент зэрэг ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх стратегийн өндөр ач холбогдлыг мартаж болохгүй юм.
Энэхүү алхам Хятад улсын Африк тив дэх нөлөөгөө бэхжүүлэх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх чухал стратегийн алхам болж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичиг Антонио Гутерриш энэ шийдвэрийг сайшааж, бусад өндөр хөгжсөн орнуудыг ч мөн Африкийн орнуудад ийм боломж олгохыг уриалжээ.
Эх сурвалж: Reuters, Xinhua






