Сүүлийн өдрүүдэд Ираны дээд удирдагч Али Хаменей амь эрсэдсэнтэй холбоотой мэдээллүүд олон улсын анхаарлын төвд орж, түүний залгамжлагч хэн байх талаар идэвхтэй яригдаж байна. Гэвч Ираны албан ёсны эх сурвалжууд удирдлагын өөрчлөлт хийгдээгүй болохыг одоогоор баталсан хэвээр байна.
Ираны Үндсэн хуулиар дээд удирдагчийн асуудлыг “Мэргэжилтнүүдийн чуулган” буюу 88 гишүүнтэй лалын шашны лам нараас бүрдсэн зөвлөл шийдвэрлэдэг. Хэрэв дээд удирдлагад өөрчлөлт орох нөхцөл үүсвэл түр хугацаанд удирдах зөвлөл байгуулагдаж, улмаар шинэ дээд удирдагч (Supreme Leader)-ийг сонгох ёстой.
Одоогоор дараагийн дээд удирдагчаар Али Хаменейгийн хүү 56 настай Можтаба Хаменей сонгогдох магадлал хамгийн өндөр гэж ажиглагчид үзэж байна. Түүнтэй өрсөлдөх шүүх, шашны салбарт нөлөө бүхий зарим өндөр албан тушаалтнуудын нэр дурдагдаж байгаа ч улс төрийн жин нөлөөний хувьд түүнтэй эн тэнцэх хүн цөөн хэмээн дүгнэж байна.
Улс оронд нь нүүрлээд буй дайны нөхцөл байдал, гудамж талбайд өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөн, дотоод гадаадын тогтворгүй орчин зэрэг өнөөгийн бодит нөхцөлд дээд удирдагчийн албан тушаалд очсон хэн боловч хуучин дэглэмийг хэвээр хадгалах боломж хязгаарлагдмал бөгөөд АНУ тэргүүтэй барууны орнуудтай хэлэлцээрийн ширээний ард сууж, цөмийн хөтөлбөрөө зогсоох, олон улсын харилцааны шинэ хэлбэрийг эрэлхийлэхээс ажлаа эхлэх нь тодорхой гэж шинжээчид үзэж байна.
Харин Можтаба Хаменей эцгийг нь хөнөөж, улс оронд нь дайн дэгдээсэн улсуудтай хэрхэн харилцах бол гэдэг маш ээдрээтэй асуудал болж байна.
Ираны ард түмэнд Аллах тэнгэр энх тайван, эрх чөлөөг заяах болтугай.
Тоймч: Х.Одхүү






