Швейцарын Давос хотод зохион байгуулагдаж буй 2026 оны World Economic Forum хаалтын шатандаа орж буй энэ үед технологийн салбарын хамгийн анхаарал татсан мөчүүдийн нэг тохиолоо. Өмнө нь Давосын форумыг ил тод шүүмжилж ирсэн Элон Маск энэ удаад анх удаа түүний индэрт гарч, робот, хиймэл оюун ухаан, эрүүл мэнд болон ирээдүйн эдийн засгийн талаар өөрийн байр суурийг нээлттэй илэрхийллээ.
Тэрээр илтгэлдээ роботууд ойрын жилүүдэд хүний хөдөлмөрийг олон салбарт орлох боломжтой бөгөөд цаашлаад дэлхийн хүн амаас ч олон робот ашиглагдах ирээдүй ойрхон байгааг онцолсон байна. Мөн Tesla компанийн Optimus хүн хэлбэрт роботыг 2027 оноос зах зээлд гаргахаар төлөвлөж буйгаа дурдсан бөгөөд роботтакси (robotaxi) үйлчилгээ АНУ-д өргөжин тэлэх төлөвтэй байгааг хэлжээ. Маск хиймэл оюун ухаан, роботыг зөв удирдаж чадвал дэлхийн бүтээмжийг огцом нэмэгдүүлж, хөгжлийг хурдасгана гэж хэлсэн юм.
Гэхдээ тэрээр AI-ийн эрсдэлийг үгүйсгэсэнгүй. Зохицуулалт, хяналт сул байвал хиймэл оюун ухаан ажлын байр, нийгмийн тогтвортой байдалд шууд нөлөөлж, хүн төрөлхтний өмнө томоохон сорилтууд үүсгэж болзошгүйг анхааруулсан нь Давосын оролцогчдын дунд өргөн хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэв.
Мөн өдгөө 55 насыг зооглож буй Маск AI болон роботын технологийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлснээр хүний насыг уртасгах боломж нээгдэж байгааг дурдаж, технологийн хөгжил зөвхөн эдийн засаг бус хүний амьдралын чанарт ч гүн гүнзгий нөлөө үзүүлнэ гэдгийг онцоллоо.
Ингэснээр Элон Маскийн Давос дахь анхны илтгэл нь форумын төгсгөлийн өдрүүдэд хамгийн их анхаарал татсан үйл явдлуудын нэг болж, дэлхийн эдийн засаг технологийн эргэлтийн шинэ үе рүү шилжиж буйг дахин санууллаа.
Эх сурвалж: Reuters, Business Insider






