Саяхан төр засгийнхаа эсрэг иргэдийн ширүүн эсэргүүцэл өрнөж, парламент болон төрийн байгууллагууд галд өртөн, зарим сайд нар руу чулуу шидсэн эмх замбараагүй байдал гарсан Непал улсад одоо парламентын сонгууль явагдаж байна. Улс төрийн тогтворгүй байдал, авлигын эсрэг бухимдал өндөр байгаа энэ үед сонгуулийн эхний дүн дэлхийн хэвлэлүүдийн анхаарлыг татаж эхэллээ.
2026 оны гуравдугаар сарын 5-нд болсон энэ удаагийн парламентын сонгуулиар Непалын 275 суудалтай Төлөөлөгчдийн танхим бүрдэнэ. Эдгээрээс 165 гишүүнийг тойргоос шууд сонгож, 110 суудлыг намын жагсаалтаар хуваарилдаг сонгуулийн системтэй. Засгийн газрыг байгуулахын тулд нам эсвэл эвсэл дор хаяж 138 суудал авах шаардлагатай байдаг.
Сонгуулийн санал тоолох ажиллагаа эхэлсэн бөгөөд албан ёсны эцсийн дүн ойрын өдрүүдэд буюу амралтын өдрүүдэд гарах төлөвтэй байна.
Энэ удаагийн сонгуулийн хамгийн анхаарал татсан улс төрч нь реппер, инженер мэргэжилтэй Бален Шах юм. Социал медиагаар алдаршсан тэрээр авлигын эсрэг хүчтэй байр суурь илэрхийлж, залуусын дэмжлэгийг ихээр татжээ. 2022 онд тэрээр бие даан нэр дэвшиж Катманду хотын даргаар сонгогдон Непалын улс төрд шинэ үе гарч ирж байгааг харуулсан билээ.
Сонгуулийн эхний мэдээллүүдээс харахад Бален Шахтай холбоотой шинэ улс төрийн хүч уламжлалт намуудын ноёрхлыг сорьж магадгүй гэсэн таамаг гарч байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Непалд болж буй энэ үйл явц нь залуу үе улс төрд илүү идэвхтэй оролцож эхэлснийг харуулж байгаа бөгөөд олон улсын хэвлэлүүд үүнийг “шинэ үеийн улс төр” гэж тодорхойлж байна.
Товчхондоо: эсэргүүцлийн хөдөлгөөнөөр төр засгаа шахсан Непалын ард иргэд одоо шинэ парламентынхаа бүрэлдэхүүнийг сонгож байгаа бөгөөд реппер гаралтай залуу лидерийн улс төрийн хүч томоохон нөлөө үзүүлж магадгүй байна.
Эх сурвалж: Reuters, Associated Press
#Nepal #BalenShah #NepalElection #AsiaPolitics #YouthPolitics #PoliticalChange #ShortlyNews






