АНУ-ын зуучлалын хүрээнд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод ОХУ, Украйн улсуудын энхийн хэлэлцээр үргэлжилж байна.
ОХУ, Украйн, АНУ-ын гурван талт энхийн хэлэлцээр Абу Даби хотод хоёр дахь өдрөө үргэлжилж дууссан ч ямар нэгэн тодорхой зөвшилцөлд хүрээгүй байна. Талуудын мэдээлснээр уулзалтууд ирэх долоо хоног хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Вашингтоны зуучлалтай Орос Украины дайныг зогсоох яриа хэлэлцээний шинэ шат гэж үзэж байна.
Уулзалтад Украйны талаас Украйны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, ахлах хэлэлцэгч Рустем Умеров, АНУ-ыг тусгай элч Стив Виткофф тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бол Оросын талаас цэргийн тагнуул, армийн төлөөлөгчид оролцсон гэж мэдээлжээ.
Хэлэлцээрийн хамгийн том маргаантай асуудал нь Украйны зүүн бүс, тэр дундаа Донбассын бүс нутгийн ирээдүйн статус хэвээр байна. Оросын тал Украйны зүүн хэсгийг бүрэн хяналтдаа авах байр суурьтай байгаа бол Украйны тал эзлэгдээгүй газар нутгаа өгөхгүй гэдгээ дахин онцолжээ.
Гэвч хэлэлцээр үргэлжилж байх үеэр Оросын талаас Украйны эсрэг томоохон хэмжээний агаарын довтолгоо хийсэн нь нөхцөл байдлыг хурцатгалаа. Киев, Харьков хотууд руу олон зуун пуужин, дрон ашиглан довтолсны улмаас дор хаяж нэг хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн шархадсан байна. Мөн 6000 гаруй байшин, барилга цахилгаангүй болж, өвлийн хүйтэн улиралд Украины сая сая иргэд хүнд нөхцөлд амьдарч байна гэж мэдээлжээ.
Украины гадаад хэргийн сайд Андрий Сибиха энхийн хэлэлцээрийн үеэр ийм довтолгоо үйлдсэн нь ёс суртахуунгүй үйлдэл гэж буруутган, “Путины байх ёстой газар бол энхийн хэлэлцээрийн ширээнд биш, харин тусгай шүүхийн танхимд байх ёстой” хэмээн мэдэгдсэн байна.
Харин АНЭУ-ын засгийн газар энэхүү энхийн хэлэлцээр дайныг бүрэн зогсоох боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлж, цаашид илүү үр дүнтэй уулзалтуудыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Эх сурвалж: Reuters






