АНУ-ын Төрийн департамент 2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн гадаадын 75 улсын иргэдэд олгодог цагаачлалын визийг тодорхойгүй хугацаагаар түр зогсоох шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Уг шийдвэрийг тухайн улс орнуудын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд үндэслэн гаргасан бөгөөд АНУ-д хууль бусаар оршин суух эрсдэл өндөр, нийгмийн халамжийн системд хэт ачаалал үүсгэх магадлалтай, мөн аюулгүй байдлын шалгуурыг бүрэн хангахгүй байх зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзсэн байна.
Энэхүү шийдвэр нь зөвхөн цагаачлалын виз, өөрөөр хэлбэл АНУ-д урт хугацаанд амьдрах, албан ёсоор оршин суух хүсэлт гаргаж буй иргэдэд хамаарах бөгөөд аялал жуулчлал, албан ажил, бизнес, суралцах, оюутан солилцоо зэрэг зорилготой цагаачлалын бус визийн хүсэлтэд үйлчлэхгүй юм. Монгол Улс уг хоригт хамрагдсан орнуудын тоонд багтсан хэдий ч дээр дурдсан цагаачлалын бус визийн төрлүүд хэвийн үргэлжилнэ гэдгийг холбогдох байгууллагууд онцолжээ.
Виз олголтыг түр зогсоосон улсуудын жагсаалтад ихэвчлэн Африк, Ойрх Дорнод, Төв Ази, Латин Америкийн бүс нутгийн орнууд багтсан бөгөөд эдгээр улсуудыг зурагт өнгөөр ялган харуулсан байна.
Эх сурвалж: АНУ-ын Элчин Сайдын Яам






