BYD Shenzhen аварга автомашин тээвэрлэгч Европын зүг хөдөллөө
Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD компанийн хамгийн том автомашин тээвэрлэгчдийн нэг болох BYD Shenzhen хөлөг 2026 оны зургаадугаар сарын 1-нд Наньтун боомтоос Европын чиглэлд аяллаа эхлүүллээ.
Тус хөлөг нийт 7,273 цахилгаан автомашин ачсан бөгөөд Итали, Испани зэрэг Европын орнуудын боомтуудыг зорьж байна. Тээврийн маршрут болон цаг агаарын нөхцлөөс шалтгаалан аялал ойролцоогоор 25–35 хоног үргэлжилж, долоодугаар сарын эхээр Европт хүрэх төлөвтэй байна.
BYD Shenzhen нь 9,200 автомашин тээвэрлэх хүчин чадалтай Ro-Ro буюу Roll-on/Roll-off төрлийн хөлөг юм. Энэ төрлийн хөлөгт автомашинуудыг өөрсдийн дугуйгаар шууд оруулж, буулгадаг тул автомашин тээвэрлэлтийн хамгийн хурдан, үр ашигтай аргуудын нэгт тооцогддог.
BYD Shenzhen нь 2025 онд ашиглалтад орсон бөгөөд BYD компанийн Европ дахь экспортын стратегийн гол тулгуур хөлгүүдийн нэг болж байна.
💡 Сонирхуулахад
BYD Shenzhen хөлөг нь 219 метр урт буюу хоёр хөл бөмбөгийн талбайг залгасантай дүйцэх хэмжээтэй.
Нийт 16 тавцантай бөгөөд автомашин хадгалах талбай нь 20 гаруй хөл бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээнд хүрдэг.
Мөн хөлөг нь LNG буюу шингэрүүлсэн байгалийн хий ашиглах боломжтой хос түлшний хөдөлгүүртэй тул уламжлалт хөлгүүдтэй харьцуулахад нүүрстөрөгч, хүхрийн исэл зэрэг хорт ялгаруулалтыг бууруулах давуу талтай.
BYD сүүлийн жилүүдэд өөрийн автомашин тээврийн флотыг эрчимтэй өргөжүүлж байгаа бөгөөд Европ дахь борлуулалтаа нэмэгдүүлэх стратегийн хүрээнд ийм төрлийн аварга хөлгүүдийг ашиглаж эхэлжээ.
Энэхүү аялал нь Хятадын цахилгаан автомашинууд Европын зах зээлд улам хүчтэй нэвтэрч буйг харуулсан бас нэгэн дохио болж байна.














