Тим Күүк ажлаа өгнө. Гэхдээ $350 тэрбумаас $4 их наяд хүргэсэн аварга компанийг хүлээлгэж өгнө.
Apple-ийн гүйцэтгэх захирал 2026 оны 9 дүгээр сарын 1-нд албан тушаалаа Жон Тернуст хүлээлгэж өгнө. Тэрээр компанийн зах зээлийн үнэлгээг 11 дахин нэмэгдүүлж, технологийн салбарын хамгийн амжилттай шилжилтийг гүйцэтгэх гэж байна.
Apple компани өчигдөр буюу 4 дүгээр сарын 20-нд Тим Күүк гүйцэтгэх захирлын албан тушаалаа 2026 оны 9-р сарын 1-нд орхиж, удирдах зөвлөлийн дарга болохоор болсныг албан ёсоор зарлав. Түүний оронд тус компанийн “Hardware Engineering”-ийн дэд ерөнхийлөгч Жон Тернус томилогдохоор болжээ.
Күүк 1998 онд Apple-д ханган нийлүүлэлтийн дэд ерөнхийлөгчөөр ажилд орж, 2011 оны 8 дугаар сард Стив Жобсыг нас барахаас хэдхэн долоо хоногийн өмнө гүйцэтгэх захирлаар томилогдсон билээ. Түүний томилгоо болоход олон шинжээч “Жобсгүй Apple бүтэлгүйтнэ” гэж таамаглаж байсан юм. Гэвч Күүк эргэлзээг өөрийн хөдөлмөр, хичээл зүтгэл, гүйцэтгэлээрээ үгүй хийж компанийг технологийн түүхэн дэх хамгийн том санхүүгийн амжилт руу хөтөлсөн байна.
11 дахин нэмэгдсэн үнэлгээ
Күүк CEO болох үед Apple ойролцоогоор $350 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй байсан бол түүний удирдлагад 15 жилийн дотор тус компанийн санхүүгийн үзүүлэлт үсрэнгүй сайжирч, удаа дараалан түүхэн амжилтуудыг үзүүлсэн юм. Доорх интерактив график дээр дарж нарийвчилсан мэдээллийг харна уу.
Apple дэлхийн анхны $4 их наядын үнэлгээтэй компани болж, AI бүтээгдэхүүн (Apple Intelligence), Vision Pro болон үйлчилгээний орлогын өсөлтөөр шинэ дээд цэгт хүрсэн.
Үйлчилгээний бизнес: Күүкийн хамгийн том стратегийн ялалт
Күүкийн үлдээж буй санхүүгийн өвийн гол цөм нь зөвхөн орлогын өсөлт биш орлогын бүтцийн өөрчлөлт юм. 2011 онд Apple бараг бүхэлдээ биет бүтээгдэхүүнээс хамаардаг компани байсан. iPhone, iPad, Mac, iPod нь нийт орлогын 89%-ийг бүрдүүлж, App Store зэрэг “iTunes ба бусад хөгжмийн үйлчилгээ” дөнгөж 6%-ийг эзэлж байв.
Өнөөдөр App Store, iCloud, Apple Music, Apple TV+, Apple Pay, AppleCare зэргийг багтаасан Үйлчилгээний сегмент жилд $109 тэрбум бий болгож, нийт орлогын дөрөвний нэгийг эзэлж байна. Энэ сегмент нь ойролцоогоор 70%-ийн ашигтай (биет бүтээгдэхүүний ~36%-тай харьцуулахад) тул Apple-ийн ашгийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг.
Үйлчилгээний бизнесийн өсөлтөөс гадна Күүкийн үед iPod бүхэлдээ устаж, оронд нь Apple Watch (2015), AirPods (2016), Vision Pro (2024) зэрэг биедээ зүүж хэрэглэдэг “Wearables” ангилал бий болсон нь онцлог.
Түүний стратегийн таван багана юу байв?
Күүкийн 15 жилийн стратеги нь нэг зүйл биш, харин системтэй хэд хэдэн шийдвэрийн цуглуулга байсан. Үүнд:
Нэгдүгээрт, ханган нийлүүлэлтийн ноёрхол. Күүк Apple-д ороход үйл ажиллагааны мэргэжилтэн байсан. Тэрээр Foxconn, TSMC, Pegatron зэрэг түншүүдтэй гүн харилцаа тогтоож, “just-in-time” үйлдвэрлэлийн загвар нэвтрүүлсэн нь өрсөлдөгчдөөс 5-10 дахин хурдан агуулахын эргэлттэй болгосон.
Хоёрдугаарт, Хятадаас Энэтхэг рүү шилжих. Күүк Хятадын зах зээлийг стратегийн тэргүүлэх чиглэл болгож, төрийн харилцаа тогтоосон. Сүүлийн жилүүдэд тэрээр геополитикийн эрсдэлээс зайлсхийхийн тулд Энэтхэгт үйлдвэрлэлийг шилжүүлж эхэлсэн.
Гуравдугаарт, чипний хувьд бие даах байдал. 2020 онд Mac-ийг Intel-ийн чипээс өөрсдийн “Apple Silicon” (M1) рүү шилжүүлсэн нь Күүкийн хамгийн зоригтой техникийн шийдвэр байсан. Энэ нь гүйцэтгэл, эрчим хүчний үр ашиг, маржин бүгдийг сайжруулсан.
Дөрөвдүгээрт, хөрөнгийн буцаалт. Күүкийн удирдлагын үед Apple хувьцаа эзэмшигчдээсээ $700 тэрбум гаруй үнэлгээ бүхий хувьцааг буцаан худалдаж авсан нь түүхэн дээд амжилт болов.
Тавдугаарт, биедээ зүүж хэрэглэдэг шинэ ангиллыг хөгжүүлсэн. Apple Watch (2015), AirPods (2016), Vision Pro (2024) болон 2024 онд танилцуулсан Apple Intelligence зэрэг шинэ бүтээгдэхүүн.
Жобс ↔ Күүк: Хоёр өөр удирдлагын хэв маяг
Күүкийн удирдлагын хэв маяг нь Жобсынхоос үндсээрээ ялгаатай байсан нь Apple-ийг өөрчилж чаджээ. Жобс зөн совин, бүтээгдэхүүний дизайнд тулгуурласан бол Күүк өгөгдөл, систем, ханган нийлүүлэлт дээр анхаардаг байв.
- Шийдвэр: Зөн совин
- Анхаарал: Дизайн, UX
- Дүр төрх: Харизматик шоумен
- Эрсдэл: Том бооцоо, шинэ ангилал
- Олон улс: АНУ-д төвлөрсөн
- Гол өв: iPhone, iPad-ыг бүтээсэн
- Шийдвэр: Өгөгдөл, зөвшилцөл
- Анхаарал: Үйл ажиллагаа, ханган нийлүүлэлт
- Дүр төрх: Тайван, стратегич
- Эрсдэл: Алхам алхмаар, тууштай
- Олон улс: Хятад, Энэтхэгт идэвхтэй
- Гол өв: $4 их наядын үнэлгээ, үйлчилгээ
Жон Тернус гэж хэн бэ?
Жон Тернус
2001 оноос Apple-д ажиллаж буй механикийн инженер. iPad-ын бүх үе, iPhone-ы хамгийн сүүлийн үеийн загвар, AirPods, Vision Pro болон Mac-ийн Apple Silicon руу шилжих ажилд гол үүрэг гүйцэтгэсэн хүн юм.
Пеннсильванийн их сургуулийг 1994 онд төгссөн. Apple-д ороход VR төхөөрөмж бүтээдэг “Virtual Research Systems” компанид 4 жил ажилласан туршлагатай байжээ.
Тернусын хувьд хамгийн том сорилт нь Apple-ийн AI хоцрогдлыг хаах төлөвлөгөө юм. Тус компани сүүлийн жилүүдэд OpenAI, Google, Anthropic зэрэг өрсөлдөгчдөөс хоцорч, Siri-гийн шинэчлэлийг олонтаа хойшлуулсан юм. Шинжээчид түүний инженер, бүтээгдэхүүн төвт удирдлагын хэв маяг нь Күүкийн үйл ажиллагаа төвт хэв маягаас илүү Жобсын хэв маягт ойртох магадлалтай гэж үзэж байна.
Зах зээлд хэрхэн нөлөөлөв?
Күүк ажлаа өгөх тухай зар тарсны дараа Apple-ийн хувьцаа хэдхэн цагийн дараах арилжаагаар 0.5%-иар буурч, $271 болсон. Wedbush Securities-ийн шинжээч Дан Айвс CNBC-д өгсөн ярилцлагадаа Күүкийн явах хугацааг “гэнэтийн” гэж тодорхойлсон бөгөөд олон шинжээч түүнийг 2027 он хүртэл үргэлжлүүлнэ гэж бодож байсан гэжээ.
Күүк өөрөө өнгөрсөн сард ABC-ийн “Good Morning America” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа тэтгэвэрт гарах талаар “цуу яриа” гэж хэлж байсан тул өчигдрийн мэдэгдэл нь зах зээл болон ажилтнуудын аль алинд нь гэнэтийн шийдвэр байлаа.





