Удахгүй болох Японы парламентын сонгууль яагаад урьдчилан таамаглахад хамгийн хэцүү болж байна вэ?
Япон улс гаднаас харахад хаант засаглалтай мэт боловч бодит байдал дээрээ орчин үеийн парламентын ардчилсан тогтолцоотой улс юм. Тус улсын төрийн тэргүүн болох Эзэн хаан нь улс төрийн ямар ч бодит эрх мэдэлгүй бөгөөд зөвхөн төрийн бэлгэ тэмдэг, ард түмний эв нэгдлийн илэрхийлэл хэвээр үлдсэн нь Японы улс төрийн онцлогийн нэг юм.
Улс төрийн бодит эрх мэдэл нь парламент болон Ерөнхий сайдын гарт төвлөрдөг. Японы парламент буюу “Коккай” нь хоёр танхимтай: Доод танхим (Төлөөлөгчдийн танхим, 465 гишүүн) болон Дээд танхим (Зөвлөхүүдийн танхим, 248 гишүүн).
- Доод танхимын 465 гишүүн нь Ерөнхий сайдыг сонгох, засгийн газрыг байгуулах, огцруулах, улсын төсөв болон хуулийн эцсийн шийдвэр-ийг гаргах бүрэн эрхтэй хамгийн хүчтэй байгууллага юм. Хэрэв Доод болон Дээд танхимын санал зөрвөл Доод танхимын шийдвэр давамгайлдаг.
- Дээд танхимын 248 гишүүн нь тогтвортой байдлыг хангах, хууль тогтоомжид хяналт тавих үүрэгтэй бөгөөд гишүүдийн тал нь гурван жил тутам солигддогоороо онцлог.
Энэхүү тогтолцооны хүрээнд Японыг бодитоор удирддаг хүн бол Ерөнхий сайд юм. Тэрээр парламентаас сонгогдож, сайд нараа томилон улс орны эдийн засаг, батлан хамгаалах, гадаад бодлогыг чиглүүлдэг. Харин Эзэн хаан эдгээр шийдвэрийг зөвхөн албан ёсоор батламжилдаг бөгөөд засгийн газрын зөвшөөрөлгүйгээр нэг ч алхам хийх боломжгүй.
Харин 2026 оны 02 дугаар сарын 08-нд болох Японы парламентын сонгууль нь сүүлийн жилүүдийн хамгийн урьдчилан таамаглахад бэрх сонгууль болох төлөвтэй байна. Reuters агентлагийн онцолсноор үүнд дараах таван шалтгаан нөлөөлж байна.
Нэгдүгээрт: Ерөнхий сайд Санаэ Такаичигийн хувийн нэр хүнд түүний тэргүүлж буй Либерал Ардчилсан Нам (LDP)-аас өндөр байгаа нь “хүнээ дэмжих үү, намаа дэмжих үү” гэсэн эргэлзээг сонгогчдын дунд үүсгэжээ.
Хоёрдугаарт: Залуу сонгогчид улс төрийг сонирхож байгаа ч санал өгөх идэвх сул хэвээр байгаа нь сонгуулийн үр дүнг урьдчилан тооцоолох боломжийг улам багасгаж байна.
Гуравдугаарт: Олон арван жил тогтвортой байсан LDP-ийн эвсэл задарч, баруун чиглэлийн шинэ намууд хүчээ авч эхэлсэн нь улс төрийн тэнцвэрийг өөрчилж байна.
Дөрөвдүгээрт: Өвлийн улиралд сонгууль явагдах гэж байгаа нь цас их ордог бүс нутгуудад сонгуулийн сурталчилгаа, санал хураалтыг хүндрүүлж, сонгогчдын ирцэд шууд нөлөөлөх эрсдэл дагуулж байна.
Тавдугаарт: Эдийн засаг, амьжиргааны өртгийн дарамт сонгогчдын шийдвэрт хүчтэй нөлөөлж байна. Иений ханш сулран, импортын бараа, хүнсний үнэ өссөнөөр иргэдийн өдөр тутмын амьдралд дарамт нэмэгдэж, засгийн газрын эдийн засгийн бодлого бодит үр дүн өгч чадах эсэхэд эргэлзэх хүн олширчээ.
Ийнхүү Япон улс өнөөдөр нэг талаас уламжлалт тогтвортой улс төрийн системтэй хэвээр байгаа ч, нөгөө талаас шинэ өөрчлөлтийн зааг дээр ирээд байна. Хаантай атлаа хаан нь засаг барьдаггүй, нэг нам давамгайлсан атлаа сонгууль нь гэнэтийн эргэлт хийхэд ойрхон болсон энэхүү нөхцөл байдал 2026 оны Японы сонгуулийг улам сонирхолтой болгож дэлхийн анхаарлын төвд авчирч байна.
Хэрэв эрх баригч Санаэ Такаичигийн тэргүүлсэн LDP сонгуульд ялж засаг баривал Япон улс батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлж, аюулгүй байдлын хатуу бодлого баримталж, АНУ болон Европын орнуудтай улам ойртон, Хятадтай илүү хатуу байр суурь баримтлах чиглэлд шилжих төлөвтэй байгаа юм.
Харин LDP ялагдвал Япон улс уламжлалт хатуу бодлогоос ухарч, илүү зөөлөн, либерал засаглалд орох магадлалтай ч, нөгөө талаар улс төрийн тогтворгүй байдал нэмэгдэх эрсдэл дагуулна гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: Reuters






