АНУ-ын Төрийн департаментаас 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Америкийн тусгаар тогтнолын 250 жилийн ойг тохиолдуулан Дональд Трампын зургийг паспортын дотор талд багтаасан шинэ загварыг танилцуулжээ.
Энэхүү паспортын загвар нь 2026 оны 7 дугаар сард тохиох тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулсан бөгөөд шинэ загварт Ерөнхийлөгч Дональд Трампын хөрөг, гарын үсэг нь Тусгаар тогтнолын тунхаглалын эх бичвэрийн дэвсгэр дээр алтан өнгөөр буух юм.
Шинэ паспортын дотоод хуудсанд Жон Трамбуллын 1819 онд бүтээсэн “Тусгаар тогтнолын тунхаглал” хэмээх алдарт уран зургийг мөн оруулж, урд хавтасны АНУ-ын төрийн сүлдэн дээрх халзан бүргэдийн зургийг “Passport” хэмээх алтан үсэгтэй хослуулжээ.
Шинэ паспортыг зөвхөн Вашингтон дахь Паспортын агентлагт өргөдөл гаргасан иргэдэд олгоно. Онлайнаар болон бусад газарт өргөдөл гаргавал хуучин загварыг үргэлжлүүлэн ашиглах юм. Паспорт захиалах бол нэмэлт хураамж шаардахгүй гэж албаны эх сурвалж мэдэгджээ.
Сонирхуулахад орчин үеийн АНУ-ын паспортод одоо ажиллаж буй ерөнхийлөгчийн царай гарч байсан түүх үгүй билээ. Жоржтаунгийн Их Сургуулийн профессор Эдвард Колла “Дэлхийн ямар ч улсын паспорт төрийн тэргүүний хөрөгтэй байгаагүй” хэмээн тайлбарласан байна. Мөн АНУ-ын паспортыг олгох субъект нь Ерөнхийлөгчийн биш, Төрийн нарийн бичгийн дарга юм.
Энэ алхам нь Трамп өөрийн нэр, царайг үндэсний хэмжээний зүйлс дээр буулгах бодлогын нэг хэсэг болж байна. Үүнд: цаасан мөнгөн дээрх гарын үсэг, 24 каратын алтан дурсгалын зоос, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэвтрэх карт, “Трамп Алтан Карт” виз ($5 сая), Кеннедигийн Төвийг “Трамп-Кеннедигийн Төв” болгон нэрлэх төлөвлөгөө зэрэг багтаж байна.
Эх сурвалж: CNN, The Washington Post, CBS News, TIME, Fox News
#Шортли #Трамп #АНУ #Паспорт #America250 #Trump #USPassport #StateDepartment


















