АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Польшид нэмэлт цэрэг байрлуулахаа зарласнаар Европ дахь Америкийн цэргийн оролцоо дахин олон улсын анхаарлын төвд орлоо. Трампын засаг захиргаа сүүлийн саруудад Европ дахь цэргийн хүчээ бууруулах талаар ярьж, туршиж байсан ч Польш руу нэмэлт хүч илгээх шийдвэр нь Вашингтоны зүгээс НАТО-гийн зүүн жигүүрийг хамгаалах стратегиа бүрэн орхиогүйг харуулж байна.
АНУ Европт цэрэг байрлуулдаг гол шалтгаан нь НАТО-гийн хамтын хамгаалалтын үүрэг юм. НАТО буюу Умард Атлантын Гэрээний Байгууллагын 5-р зүйлээр нэг гишүүн улс руу аливаа дайсан халдвал бүх эвсэл рүү халдсантай адил гэж үздэг. Иймээс Америкийн цэргүүд Европт зөвхөн тухайн улсыг хамгаалахаас гадна эвслийн 32 гишүүн орны аюулгүй байдлын баталгааны бэлгэдэл болж байдаг. Мөн Европ дахь НАТО-гийн баазууд нь Ойрх Дорнод, Африк болон Арктикийн бүс рүү чиглэсэн цэргийн болон тусгай ажиллагааны логистикийн чухал төвүүдийн үүргийг гүйцэтгэдэг.
Цэргүүдийн зэр зэвсэг, хоол хүнс, цалин хангамжийг АНУ-ын Батлан хамгаалах яам буюу Америкийн төсөв хариуцдаг бол цэрэг байрлуулж буй улс бааз, дэд бүтэц, байрлах нөхцөл, логистикийн тодорхой хэсэгт дэмжлэг үзүүлдэг байна.
Өнөөдөр Польш улс АНУ-ын хамгийн чухал холбоотнуудын нэг болжээ. Тус улс Оросын Калининград муж болон Беларусьтай хиллэдэг бөгөөд Украйнд хүрэх барууны зэр зэвсэг, хүмүүнлэгийн тусламжийн гол гарц болж байна. Мөн НАТО-гийн орнуудаас батлан хамгаалахын зардлаа хамгийн өндөр түвшинд буюу ДНБ-ий 4 гаруй хувьд хүргэсэн улсуудын нэг учраас Вашингтон Польшийг “үлгэр жишээ холбоотон” гэж үздэг юм.
Өнөөдрийн байдлаар АНУ Европт нийт 80-100 мянга орчим цэрэгтэй бөгөөд НАТО-гийн хүрээнд хамтарсан хамгаалалтын ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Үүнээс хамгийн олон нь Германд буюу 36 мянга гаруй, Италид 12 мянга гаруй, Их Британид 10 мянга орчим, Польшид мөн 10 мянга орчим цэрэг байрлаж байна. Харин АНУ, ЗХУ-ын хоорондын Хүйтэн дайны оргил үед зөвхөн Германд 250 мянга гаруй Америк цэрэг байлдааны бэлэн байдалд байсан нь өнөөгийн тоо түүхэн хэмжээнд эрс буурсныг харуулдаг.
Шинжээчдийн үзэж буйгаар Польшид нэмэлт хүч илгээх шийдвэр нь НАТО-гийн зүүн жигүүрийг бэхжүүлэх, Оросын зүгээс учруулж болзошгүй эрсдэлийг тогтоон барих, мөн Европ дахь Америкийн стратегийн нөлөөг хадгалах гэсэн гурван үндсэн зорилготой юм. Тиймээс Вашингтон Европ дахь нийт хүчээ бууруулах талаар ярьж байгаа ч стратегийн ач холбогдолтой бүсүүдэд, ялангуяа Польшид цэргийн оролцоогоо хадгалах, зарим тохиолдолд нэмэгдүүлэх бодлого баримтлах төлөвтэй байна.
Польшийн нутаг дэвсгэрээс Москва хүртэлх зай ойролцоогоор 1,150 км бөгөөд НАТО-гийн зүүн жигүүрийн хамгаалалтын хамгийн чухал стратегийн зангилаа бүсүүдийн нэг гэж тооцогддог. Тиймээс Украйны дайн эхэлснээс хойш Польш нь Европ дахь АНУ-ын цэргийн стратегийн гол түшиц цэгүүдийн нэг болсон юм.













