Хятадын “AVIC” компанийн зохион бүтээсэн “HH-200” загварын арилжааны зориулалттай, нисгэгчгүй, ачаа тээврийн агаарын хөлөг 2026 оны 4-р сарын 15-ны өглөө Шэньси мужийн Пүчэн хотод анхны нислэгээ амжилттай гүйцэтгэж, Хятадын томоохон нисгэгчгүй агаарын хөлөг хөгжүүлэлтэд шинэ ахиц дэвшил гарсныг нотлон харууллаа.
Тус нислэгийн туршид бүх системүүд хэвийн ажиллаж, онгоц тогтвортой байдлаа хадгалж, урьдчилан төлөвлөсөн бүх туршилтын маневруудыг амжилттай гүйцэтгэсэн байна.
“AVIC”-ийн бие даан хөгжүүлсэн “HH-200” нь дөрвөлжин их биетэй, хос сэнст хөдөлгүүртэй, өндөр далавчны тохиргоотой, хос давхар сүүлний загвартай. Ачааны тасалгааны стандарт эзлэхүүн 12 шоо метр бөгөөд 18 шоо метр хүртэл өргөтгөх боломжтой; хамгийн ихдээ 1.5 тонн ачаа ачих бөгөөд аяллын хамгийн их хурд 310 км/цаг, хамгийн их нислэгийн зай 2,360 км юм. “HH-200”-д нь 500 метрийн богино хөөрч буух зурвас шаардлагатай юм байна.
Түүнчлэн -40-өөс +50 градуст ажиллах хүчин чадалтай бөгөөд, харагдац муу үед ч төвөггүй хөөрч, буух боломжтойгоор зохион бүтээгдсэн байна. Энэ давуу тал нь цаг агаарын хүнд нөхцөлтэй бүс нутаг, уул нуруу, арлууд, цасархаг бүс нутаг, өндөрлөг газруудад тээвэрлэлтийн хүндрэлийг шийдвэрлэхэд чиглэгдсэн байна.
Нислэгийн удирдлагыг газраас хянах бөгөөд явах зам, маршрутыг урьдчилан онгоцонд суулгаж өгөх юм. Шаардлагатай тохиолдолд газраас онгоцыг шууд удирдах боломжтой юм. Мөн бодит цагийн хяналтаар нислэгийн чиглэлийг тохируулах AI-д суурилсан саадыг тойрох системээр тоноглогдсон.
Тус компанид анхны нислэгээс өмнө аль хэдийнээ 20 орчим захиалгын хүсэлт ирсэн байсан нь логистикийн операторуудын сонирхлыг ихээхэн татаж буйг илтгэж байна.
Эх сурвалж: Xinhua, China.org
#HH200 #AVIC #нисгэгчгүйонгоц #Хятад #карго #нисэхачаатээвэр #China #UnmannedAircraft #CargoUAV #Aviation #shortlymn






