Home / Эдийн засаг, бизнес / Хормузын хоолой Ираны гарт орж, дэлхийн эрчим хүчний амьсгалын хоолой боогдож байна.

Хормузын хоолой Ираны гарт орж, дэлхийн эрчим хүчний амьсгалын хоолой боогдож байна.

Персийн булангийн амсар дээр орших Хормузын хоолой өнөөдөр дэлхийн хамгийн эмзэг, халуун цэгүүдийн нэг болж байна. Иран улс АНУ болон Израилын цохилтын дараа “хоолойг хаасан” гэж мэдэгдсэн нь дэлхийн эрчим хүчний урсгалыг саатуулах бодит эрсдэлийг бий болгов.

Дэлхийн газрын тосны тавны нэг, байгалийн хийн томоохон хэсэг энэ нарийн хоолойгоор дамждаг гэдгийг харгалзан үзвэл Ираны мэдэгдэл нь зөвхөн бүс нутгийн асуудал бус, дэлхийн эдийн засгийн амьсгалын хэмнэлд нөлөөлөх стратегийн дохио болж байна. Хормузын хоолой нь хойд талаараа Иран, өмнөд талаараа Оман болон Арабын Нэгдсэн Эмират Улстай хиллэдэг. Энэ нь Персийн буланг Арабын тэнгис, улмаар Энэтхэгийн далай руу холбодог стратегийн асар чухал гарц юм.

Тус хоолойгоор Саудын Араб, Ирак, Кувейт, Катар, Арабын Нэгдсэн Эмират Улс, Бахрейн зэрэг дэлхийн томоохон нефть экспортлогч орнууд өдөр бүр газрын тос, байгалийн хийгээ олон улсын зах зээл рүү нийлүүлдэг. 2025 онд өдөрт дунджаар 20 сая баррель нефть энэ хоолойгоор дамжин өнгөрсөн нь дэлхийн нийт газрын тосны нийлүүлэлтийн ойролцоогоор 20 хувьтай тэнцэж байна.

Хормузын хоолой нь зөвхөн газрын тос төдийгүй дэлхийн далайн тээврийн стратегийн гол зангилаа юм. Энэ хоолойгоор жил бүр 30 мянга гаруй хөлөг онгоц дамжин өнгөрдөг бөгөөд өдөрт дунджаар 80–160 танкер болон тээврийн хөлөг нэвтэрдэг. Эдгээрийн ойролцоогоор 80 хувь нь газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хий (LNG) тээвэрлэдэг байна.

Хэрэв энэ урсгал тасалдвал дэлхийн эрчим хүчний нийлүүлэлт доголдож, олон улсын тээвэрлэлтийн зардал, далайн даатгалын тариф огцом өсөхөөс гадна дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ тасалдах эрсдэл бий. Үүний үр дүнд олон улсын худалдаанд дарамт үүсэж, дэлхий даяарх инфляцын дарамт нэмэгдэх магадлалтай. Иран “Хормузын хоолойг хаалаа” гэж мэдэгдсэн даруйд нефть, хийн танкер хөлгүүдийн хөдөлгөөн саарч, олон улсын даатгалын компаниуд далайн тээврийн эрсдэлийн тарифыг огцом өсгөжээ.

Нефтийн томоохон олборлогч Saudi Aramco зэрэг компаниуд нефтийн зарим ачилтаа Улаан тэнгисийн чиглэл рүү шилжүүлэхээр шийдсэн нь нөхцөл байдал хэр зэрэг ноцтой болсныг харуулж байна. Зарим томоохон тээвэрлэгчид Хормузаар дайрах маршрутаа түр зогсоож, хөлөг онгоцнууд Персийн булангийн эрэгт хүлээлгийн горимд шилжин нөхцөл байдал дээрдэхийг хүлээж байна.

Нөхцөл байдал өөрчлөгдөхгүйгээр Хормузын хоолой удаан хугацаагаар хаалттай байвал хамгийн том цохилт Азийн орнуудад ирэх магадлалтай. Энэ хоолойгоор гарч буй нефтийн 89.2 хувь нь Азийн зах зээл рүү чиглэдэг бөгөөд Хятад улс дангаараа нийт урсгалын 37.7 хувийг импортолдог байна. Иймээс Азийн томоохон эдийн засгууд эрчим хүчний ноцтой дарамтад орж, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ 100 ам.доллароос давж өсөх магадлалтай гэж шинжээчид үзэж байна.

Монгол Улсад үзүүлэх нөлөө

Хэдийгээр Монгол Улс Хормузын хоолойгоор шууд нефтийн бүтээгдэхүүн импортолдоггүй ч дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн өсөлт манай улсад шууд нөлөөлөх магадлалтай байна. Монголын шатахууны импортыг бараг бүхэлд нь ОХУ хангадаг боловч үнэ нь олон улсын нефтийн зах зээлийн хэлбэлзэлтэй уялддаг. Хэрэв дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом өсвөл ОХУ экспортын үнээ нэмэгдүүлж, Монгол Улсад шатахууны үнэ өсөх, улмаар тээвэр, логистик, уул уурхайн зардал нэмэгдэх эрсдэл бий. Энэ нь дотоодын инфляцыг өсгөж, эдийн засагт дарамт үүсгэн, импортын барааны үнэ нэмэгдэхэд хүргэж болзошгүй юм.

Мөн Азийн томоохон эдийн засгууд болох Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнуудын эрчим хүчний зардал өсөх нь бүс нутгийн үйлдвэрлэл, худалдаанд нөлөөлж, Монголын экспорт, импортын зах зээлд шууд бус сөрөг нөлөө үзүүлэх боломжтой.

Эцэст нь дүгнэж хэлэхэд газрын зураг дээр жижиг мэт харагдах Хормузын хоолой нь үнэн хэрэгтээ дэлхийн эрчим хүчний урсгалын гол зангилаа юм. Энэ бүс нутагт хурцадмал байдал үргэлжилбэл нефтийн үнэ өсөхөөс гадна дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ доголдож, олон улсын худалдаа, тээвэрлэлтийн зардал нэмэгдэх улмаар Монгол Улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой байна. Хормузын хоолой бол зүгээр нэг далайн гарц биш, дэлхийн эдийн засгийн зүрхний цохилт билээ.

Тоймч Х.Одхүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *